Саарал ус ба борооны усыг дахин ашиглах

Саарал ус ба борооны усыг дахин ашиглах

Хаягдал ус болон борооны усыг ахин ашиглах боломжууд ихээхэн сонирхол татаж байгаа сэдэв болсон. Одоохондоо ихэнх улс орнуудад уг системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай шахалт үүсээгүй байгаа хэдий ч Европын өмнөд хэсгийн зарим улс орнуудад ундны усны хомсдол үүсээд байгаа тул цэвэр усыг хэмнэх, ундны усны өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгараад байгаа юм. Ашиглагдсан усны тодорхой хэсгийг дахин боловсруулах зардал далайн ус боловсруулах өртөгтэй харьцуулахад хямд. Ихэнх тохиолдолд оффисын зориулалттай болон зочид буудлын барилгуудыг эрчим хүчний хэмнэлттэй барилгын стандартын дагуу саарал ус, борооны усны дахин ашиглалттай төлөвлөдөг.

“Саарал ус”-ыг (ванн, шүршүүрийн ус) дахин боловсруулах гол шалтгаан нь тэдгээрийн бохирдол хамгийн бага, цэвэрлэхэд тийм ч төвөгтэй бус, мөн хаягдал усанд агуулагдах дулааныг ашиглах боломжтой байдгаараа давуу талтай. Барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг LEED (Leadership in Energy and Environmental Design), BREAM (Building Research Establishment Assessment Method) зэрэг үнэлгээний системүүдээр тодорхойлж сертификат олгодог. Ийм төрлийн үнэлгээний системийн тусламжтай барилгын халаалт, хөргөлт төдийгүй усны зарцуулалтыг бууруулах шийдлийг олоход барилгын архитектор, зураг төсөлчдөд дэмжлэг өгөх зорилготой.

Боловсруулсан саарал усыг (цагаан ус) ихэнхдээ борооны устай хослуулан ашигладаг байна.

Саарал ус гэж юу вэ?                    

Саарал ус гэсэн нэршил нь түүний өнгөөс үүсэлтэй бөгөөд Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагандаа ялгадас, шээс агуулаагүй  хаягдал ус юм. Дахин боловсруулсан саарал ус, нэн ялангуяа усанд орсны дараах хаягдал усыг боловсруулж ашиглалтын цагаан ус болгон суултуур, писсуарт төдийгүй автомашин угаалгын газар, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар ашиглах боломжтой.

 

Зургаас үзэхэд гэр ахуйд үүсдэг хаягдал усны 50-аас дээш хувийг саарал ус эзэлдэг нь илэрхий. Зарим улс орнуудад хаягдал саарал усны хэмжээ 57-75 л/хүн-1 өдөр-1 хэлбэлздэг байна.

Зочид буудал, бассейн, саун, ресторан гэх мэт үйлчилгээний газруудад ус ихээхэн хэмжээгээр хаягддаг байна. Усны хэрэглээ гурван одтой зочид буудалд 150 л/хүн-1 өдөр-1, таван одтой зочид буудалд 1000 л/хүн-1 өдөр-1 байдаг. Энэ үзүүлэлт тухайн зочид буудлын материаллаг бааз буюу wellness төв, саун, бассейн, гал тогооны зохион байгуулалт зэргээс шууд хамаарна. Хаягдал усны химийн найрлагын хувьд, химийн болон биологийн хүчилтөрөгчийн агууламжийн харьцаа CHSK/BSK5 4:1, өөрөөр хэлбэл задрахад төвөгтэй органик бодисын агууламж өндөр байдаг (Ердийн хэрэглээний усанд CHSK/BSK5  харьцаа 2:1 орчим байдаг). Мөн саван, шампунь агуулагдсан шүршүүрийн усанд ч энэ харьцаа хүчинтэй. 

Саарал усны pH-н хувьд, ердийн хэрэглээний усны pH (7-8), угаалганаас хаягдсан ус шүлтлэг буюу pH (9-10), харин гал тогооноос хаягдах ус илүү хүчиллэг байдаг. Ванн, шүршүүр, угаалгын машинаас гарах саарал усны дулаан 18-38 °C-д хэлбэлздэг, өөрөөр хэлбэл ариун цэврийн зорилгоор хэрэглээний халуун усыг түлхүү хэрэглэдэг.

Саарал усны BSK5, CHSK, pH үзүүлэлтүүд:

Саарал усны эх үүсвэр

Угаалгын машин

Ванн, шүршүүр, угаалтуур

Гал тогоо, аяга таваг угаагч

Нийлмэл саарал ус

BSK[мг/л]

45-682

19-200

669–756

41–194

CHSK [мг/л]

375

64–8000

26-1600

49-623

pH

9,2–10

5-8,6

6,3-7,4

6,1-8,4

 

Ундны уснаас гадна, хоёрдогч усны эх үүсвэр

Чанартай ундны усыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед ашиглана. 00-ын ус татах, ногоон байгууламж услахад боловсруулсан ус ашиглах боломжтой. Энэ нь чанартай ундны усны нөөц хангалтгүй газруудад чухал ач холбогдолтой. Дахин боловсруулсан ус ашиглах давуу талууд:

  • Эдийн засгийн хэмнэлт – чанартай ундны усны үнэ нэмэгдсээр байгаа
  • Агуулагдах нэгдлүүдийн орчинд үзүүлэх нөлөөлөл бага
  • Нүүрстөрөгчийн хаягдал бага

Усны хоёрдогч эх үүсвэрт дараах төрлийн боловсруулсан усыг хамруулна. Үүнд:

  • Ундны уснаас тусдаа, бие даасан түгээх сүлжээгээр хангагдах боловсруулсан ус
  • Төвийн бус / байрын аргаар үйлдвэрлэгдсэн боловсруулсан ус
  • Дээвэр ба ус үл нэвтрүүлэх гадаргуу дээр буусан борооны ус

Саарал ус цэвэрлэх

Саарал усны шинж чанарыг тодорхойлох гол хүчин зүйл бол оршин суугчдын амьдралын хэв маяг юм. Судалгааны үр дүнгээс харахад шүршүүрийн угаалтаар хаягдсан ус хамгийн бага ачаалалтай, харин гал тогооноос хаягдах усанд органик үлдэгдлийн агууламж маш өндөр, уусахгүй бодисоор ихээхэн ачаалагдсан байдаг. Иймээс угаалтуур, ванн, шүршүүрээс гарах хаягдал ус нэн тохиромжтой, гал тогооны тосгуур, аяга таваг угаагчаас хаягдах усыг ашиглахад илүү өндөр шаардлага тавигдана. Одоогийн байдлаар Их Британийн  BS 8525-1 [2] нормд ашиглалтын / цагаан усны техникийн шаардлагаас гадна, эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдэлийг хөндсөн чанарын үзүүлэлтэд тавигдах шаардлага бий.

BS 8525-1 нормд дурдсанаар ашиглалтын/ цагаан усанд бактериологийн шинжилгээ хийхэд баримтлах ойролцоо утгууд:

Параметрууд:  [тоо/100 мл]

Ашиглалт: шүрших

Ашиглалт: шүршихгүй

Даралтат угаалга, цэцэрлэгийн усалгаа, машин угаалга

00-ын ус

Цэцэрлэг/ ногоон байгууламжийн усалгаа A)

Угаалга

 

Escherichia coli

илрээгүй

250

250

илрээгүй

Гэдэсний энтерокок

илрээгүй

100

100

илрээгүй

Legionella pneumophila

10

ашиглах боломжгүй

ашиглах боломжгүй

ашиглах боломжгүй

Колиформ бактери

10

1000

1000

10

А) Хүнсний ногоо, жимс тарьж ургуулдаг тохиолдолд, энэ тухайгаа жимс, ногоо хэрэглэгчид хүлээлгэн өгөх баримтаар мэдээлэх үүрэгтэй (ундны усаар сайтар угаахыг зөвлөнө).

Б) Дээрх параметруудаас гадна бодисын үл уусах чанар, өнгө зэргийг хянах нь зүйтэй. Боловсруулсан цагаан ус харахад цэвэр, тунгалаг, элдэв тунадасгүй, өнгөгүй байна.

Саарал усыг цэвэрлэх төхөөрөмж:

Саарал ус цэвэрлэх технологийг физикийн, хими-физикийн, биологийн гэж ангилна. Европын орнуудад байгалийн аргаар тунгааж, хөрсний шүүлтүүрээр шүүх арга нь өнөө үед зөвхөн хот суурин газраас алслагдсан зуслангийн байшингуудад ашиглагдаж байна. Том объектуудад биологийн цэвэрлэгээ, уусахгүй бодисын ангилал, тэдгээрийг аюулгүйжүүлэх алхмууд зайлшгүй чухал. Иймээс ихэнх үйлдвэрлэгчид мембран тусгаарлагч (MBR) бүхий биологийн реактор санал болгож байна. Зарим тохиолдолд эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт нэгтгэгдсэн байдаг.

Зурагт хураагуур, реактор (MBR), хэрэглээний усны шугам хоолойд хэрэглээний ус нийлүүлэгч төхөөрөмж зэргээс бүрдсэн системийн схемийг харуулав.

Зургийн тайлбар:

Хаягдал ус механик бохирдлын шүүлтүүрээр дамжин тогтворжуулагч саванд орно. Уг саванд хаягдал усны нэгэн төрлийн бус бохирдол хуримтлагддаг. Ус тогтворжуулагч савнаас идэвхжүүлэгч сав руу шахуургын тусламжтайгаар нэвтэрнэ. Идэвхжүүлэгч саванд мембран модуль суурилуулсан байх бөгөөд түүний ёроол хэсэгт уг саванд хүчилтөрөгч оруулж мембраныг цэвэрлэх зорилгоор агааржуулагч систем байрлана. Мембран модулийн дээр мембран шүүлтүүрээр дамжуулан усыг сорох ба цэвэрлэсэн усыг хуримтлуулах саванд оруулна. Уг савнаас цаашлан мембран даралтат сав бүхий автомат шахуургын хэсгээс ашиглалтын ус түгээх системд нэвтэрнэ. Шахуургын цэгийн дараа мембран даралтат сав, эцэст нь усыг халдваргүйжүүлэгч UV гэрэл (хэт ягаан туяаны) тус тус байрлана. Бүх агуулах савнуудыг аваараас сэргийлэн тоноглосон байх бөгөөд хэрэв саарал ус хангалтгүй хэмжээнд байх тохиолдолд ус цэвэрлэх саванд ундны ус нэмэх боломжтой.

Дүгнэлт:

Ундны усны хязгаарлагдмал нөөц, эдийн засгийн хэмнэлт зэргийг бодолцон саарал ус хамгийн ихээр хаягддаг, усны хэрэглээ ихтэй зочид буудал, спортын ордон, бассейн, эмнэлэг, автомашин угаалгын г.м газруудад ашиглалтын/цагаан усны систем нэвтрүүлэх нь үр дүнтэй шийдэл болно. Хаягдал саарал усны хэмжээ 55-100 л/хүн-1 өдөр-1 хэлбэлздэг ба саарал усыг дахин ашигласнаар ундны усны өдрийн хэрэглээний 50%-ийг хэмнэх боломжтой. Ийм систем нэвтрүүлснээр оруулсан хөрөнгө оруулалт 4-10 жилийн дотор эргэн төлөгддөг гэсэн судалгаа бий.