Галын спринклер систем

Галын спринклер систем

Галын спринклер системийг 120 гаруй жилийн өмнө зохион бүтээж байжээ. Түүнээс хойш хэдэн зуун сая спринклерийн толгой дэлхий даяар суурилуулагдсан гэж болно. Энэ хугацаанд уг систем нь мянга мянган барилга байгууламжийг галын аюулаас үр дүнтэй хамгаалж, олон бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямралаас аврагдахад нэмэр болж, тоолохын аргагүй олон хүний амь насыг аварч, байгаль орчныг галаас үүдэлтэй бохирдлын гамшигаас үр дүнтэй хамгаалсаар ирсэн. Дэлхий дахинд уг системийг хамгийн үр дүнтэй, гал зогсоох шалгарсан арга гэж үздэг.

 

 

 

Гал унтраах автомат спринклер системийн хамгийн анхны загвар, түүний суурилуулалтын зарчмыг 1885 онд Их Британи улсын Жон Вормальд тайлбарлан бичиж байжээ.

Спринклер системийг автомат спринклер системд тавигдах стандартууд болох BSI (Их Британийн BS 5306-2 стандарт), LPC (The Loss Pevention Counsil), FM Global (Америкийн стандарт), NFPA International (Олон улсын галаас хамгаалах холбооны стандарт), ISO 6182 зэрэг стандартуудын дагуу үйлдвэрлэдэг байна.

Спринклер нь барилга байгууламжийн төрөл зориулалтаас хамаарч гал зогсоохдоо харилцан адилгүй, хүний амь насыг аврахын тулд тусгайлан тохируулсан төрлүүдтэй.

Спринклерийн систем гэдэг нь гал унтраах хамгийн хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй медиум гэж үзсээр ирсэн усыг ашиглан, тусгайлан зохион бүтээсэн спринклерийн толгойн тусламжтайгаар, галын үүссэн эрт үед, шууд голомтод ажиллаж усаар шүршиж унтраадаг актив систем юм. 

Спринклерийн толгой автоматаар галыг мэдэрч, шаардлагатай газарт нь ус цацаж, тухайн хэсгийн галын дохиоллыг идэвхжүүлдэг. Мөн шууд гал командад дохиолол дамжуулах ч боломжтой байдаг байна. Ихэнх спринклер шугам хоолойд холбогдсон их бие, усыг таглаж битүүмжилсэн хавхлагаас бүрдэх бөгөөд хавхлага дээр шилэн колба байрлана. Уг колбад тэсрэлтийн өндөр илтгэлцүүр бүхий шингэн байна. Шингэн дотор маш бага хэмжээний, битүүмжлэгдсэн хий агуулагддаг. Галын дулааны нөлөөгөөр шингэн тэлж, түүнд агуулагдах хий даралтын нөлөөгөөр шахагдана. Цаашид өсөх температурын нөлөөгөөр даралт эрчимтэй нэмэгдэж шилэн колба хагарах ба хавхлагийн битүүмжлэл алдагдаж, усны урсгал ус түгээх дефлектор дээр тавигдан задрах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр гарч буй галын дээрээс урьдчилан тодорхойлсон хүрээний дагуу усан дуслууд жигд цацагддаг.

Спринклерийн толгойнууд ажиллагааны температурын горимын хувьд олон төрөл байх бөгөөд тэдгээрийг шилэн колбаны өнгөөр таних боломжтой. Тусгайлсан толгойн төрөл бүр тухайн үйл ажиллагааны шаардлагын дагуу галын эрсдэлийн ангилал, ажиллах температурын ялгаатай горимд ашиглагддаг.

Ерөнхийдөө галын эрсдэлийг дараах 3 төрөлд авч үздэг:

  • хөнгөн
  • ердийн                                                                                                                  
  • хэт өндөр

Эрсдэл их байх тусам усны зарцуулалт, түүний эрчим нэмэгддэг.

Усны тодорхой хэсгийг тааз руу цацах зориулалттай дефлектор бүхий ердийн спринклерийг дээш болон доош чиглэсэн байдлаар суурилуулах боломжтой. Спрей спринклерийг цацарч буй бүх ус доошоо унаж байхаар, дээш болон доош чиглэсэн байдлаар суурилуулах боломжтой байдаг. Хажуугийн спринклерийг хананы ойролцоох шугам хоолойд угсардаг.

Спринклер бүр галын хөнгөн эрсдэлд 17 м2 талбайг, ердийн эрсдэлд 9 м2 талбайг хамгаалах чадамжтай байдаг. Үүнээс гадна усны хуваарилалтын өргөтгөсөн далайцтай хажуугийн спринклер байдаг бөгөөд тэдгээрийн далайц 21 м2 хүртэлх талбайг хамрах боломжтой. Ийм онцгой төрлийн спринклер нь түргэн хариу үйлдэлт шилэн колбатай байх зайлшгүй шаардлагатай.

Гал түймрийн үед нас барсан ихэнх тохиолдол шууд галд өртөж бус, харин шаталтын үр дүнд ялгарах бүтээгдэхүүн буюу нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), устөрөгчийн цианид (HCN), устөрөгчийн хлорид (HCl) ба бусад хий, хорт бодисуудаар амьсгалснаас шалтгаалдаг.

Түргэн хариу үйлдэлт спринклер богино хугацаанд хариу үйлдэл үзүүлснээр хүний амь насанд заналхийлэх хорт хий, температурын нөлөөллийг бууруулдаг. Эмнэлэг, өндөр настнуудын асрамжийн газар гэх мэт газруудад ихэнх хүмүүс бусдын тусламжгүйгээр аюулаас зугтан дайжих чадваргүй байдаг. Түргэн хариу үйлдэлт спринклер нь эдгээр тохиолдлуудад аюулаас зугтан дайжихад шаардагдах үнэтэй цаг хугацааг нэмэгдүүлнэ.

Спринклерийн толгойнууд нь усны нөөцөд холбогдож, барилгад тархсан шугам хоолойн системд суурилагдах бөгөөд толгой бүрийн хамгаалах талбайн хэмжээ галын эрсдэлээс хамаарч 9-21 м2 байна. Шугам хоолойн системийг гидрологийн хувьд, спринклерийн толгой бүрт түгэх ус, түүний даралт жигд байхаар төлөвлөсөн байна.

Спринклер системийн усны эх үүсвэр галын хөнгөн ба ердийн эрсдэл бүхий барилгуудад (орон сууц, оффис, зочид буудал, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газар) хотын голлох магистраль шугамаас тэжээгддэг. Галын өндөр эрсдэл бүхий аж үйлдвэрүүд, агуулах зоориуд зэрэг барилга байгууламжууд галын насосны тусламжтай усны резервуар, усан сангаас тэжээгддэг байх зайлшгүй шаардлагатай.

Хянах болон дохиоллын хавхлагууд нь автоматаар спринклерийн толгойд ус дамжуулдаг. Ерөнхийдөө 5 төрлийн спринклер систем байдаг бөгөөд систем тус бүр нь өөр хоорондоо ялгаатай хавхлагын зохион байгуулалттай.

1. Усан систем (Wet system) – системд шугам хоолойг байнгын усаар дүүргэсэн байдалтай байх бөгөөд ийм тохиолдолд дамжуулагчийн орчны температур хөлдөх температураас доош буухгүй байх нь чухал.

2. Хуурай систем (Dry system) - системд шугам хоолойг даралттай агаараар дүүргэсэн байдалтай байх бөгөөд спринклер ажиллагаанд ороход даралтат агаар тавигдаж, хяналтын хавхлага нээгдэх ба ус спринклерийн толгойд дамжин хүрч цацагддаг.

3. Хосолсон систем (Alternate wet and dry system) – системд шугам хоолойг зуны улиралд усаар, өвлийн улиралд өрөөний орчны температур хөлдөх температураас доош буух үеүдэд агаараар дүүргэнэ.

4. Урьдчилсан систем (Pre-Action system) – энэ нь тухайн ижил талбайд ердийн спринклер систем төдийгүй бие даасан дулаан, утаа мэдрэгч бүхий цахилгаан системийг хамт суурилуулсан хосолмол систем юм. Хоёр ба түүнээс олон детектороос ирсэн дохиоллын дагуу гол удирдах самбар хяналтын хавхлагыг автоматаар нээж сплинкэрийн шугам хоолойгоор ус дамжин урсах боломжийг бүрдүүлнэ. Зөвхөн тухайн спринклер тус бүрийн ажлын температурын нөхцөл биелснээр ус тавигдана. Гал гараагүй нөхцөлд спринклерийн толгой механикаар гэмтсэн тохиолдолд ус цацахгүй, харин гол удирдах самбар дээр харагдаж, сонсогдохуйцаар дохиолол илэрнэ.

5. Үерийн систем (Deluge system) нь гал хурдацтай тархах өндөр эрсдэлтэй үед ашиглагдах тусгай систем юм. Уг систем нь тус тусын бие даасан мэдрэгчүүдтэй бөгөөд аюул тохиолдсон үеэр нэгэн зэрэг маш олон тооны спринклерүүд идэвхждэг онцлогтой.

Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд гал гарсан тохиолдол бүрийг мэдээлэх хуультай байдаг бөгөөд сүүлийн зуу орчим жилд спринклерийн систем суурилагдсан барилга байгууламжуудад гал гарсан тохиолдлын 99,5%-ийг уг систем амжилттай унтраасан байдаг.

Европын орнуудад мөн ойролцоо үзүүлэлттэй буюу сүүлийн арав гаран жилд уг системээр бүрэн тоноглогдсон барилга байгууламжид гарсан галын тохиолдлуудын 99%-ийг уг систем амжилттай хянаж унтраасан статистик бий.

Спринклерийн систем үр дүнтэй байгаагийн гол шалтгаан нь уг систем гал гарч буй голомтод, гал нэмэгдэж, цааш тархахаас өмнө идэвхитэй ажиллаж унтраадагтай шууд холбоотой.

Спринклерийн системд усыг үр ашиггүйгээр зарцуулдаггүй. Статистикаас үзэхэд, Герман улсад ийм системээр тоноглогдсон барилга байгууламжуудад бүртгэгдсэн галын тохиолдлуудын 86%-ийг 5 ба түүнээс цөөн тооны спринклерийн толгойн тусламжтай унтраасан байдаг. Харин Их Британид энэ тоо сүүлийн арав гаран жилд гарсан тохиолдлуудын 50% нь 2 ба түүнээс цөөн спринклерийн толгойн тусламжтай унтраасан байдаг байна. Спринклерийн систем гал мэдэрч, дохиолол өгөх төдийгүй гал гарсан голомтод шууд ажиллаж унтраадаг давуу талтай. Энд зөвхөн галд хамгийн ойр орших спринклерийн толгой ажилладаг гэдгийг сануулах нь зүйтэй. Тухайн гал гарч буй голомтод нэг спринклерээс хамгийн багадаа 60 л/мин хурдтайгаар ус цацаж ажилладаг. Үүнийг спринклерийн систем суурилуулаагүй барилгатай харьцуулвал, гал командын нэг хоолойгоор  усны зарцуулалт 500 л/мин байх бөгөөд ГК ирэхээс өмнө, 10 минутын дотор л гал маш их хохирол аль хэдийн учруулах тул нэгээс олон хоолой ашиглах нь илэрхий.

Жил бүр 40 сая спринклер суурилагддаг бөгөөд өнөө үед үйлдвэрлэгчдийн зүгээс түүний насжилт 25-50 жил гэж тодорхойлдог.

Галын аюул хэзээ ч, хаана ч тохиолдож болзошгүй боловч галын аюулаас хамгаалах систем биднийг төдийгүй, бидний хойч үеийг хамгаална.